Инфляц

Бодлогын хүү

КАБИНЕТААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 70 ХУВЬ НЬ ШҮДНИЙ ЦООРОЛТОЙ БАЙНА

 

Нийслэлийн Эрүүл мэндийг газар (НЭМГ), Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн газар хамтран “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн ЕБС-ийн 5-7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар болжээ.

Учир нь энэ оны байдлаар нийслэлийн хэмжээнд 80 мянга гаруй хүүхэд шүдний кабинетаар үйлчлүүлсний 70 гаруй хувь нь шүд цооролтой байсан байна. Тиймээс НЭМГ, Нийслэлийн боловсролын газар, Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол, мэдлэгийг олгох, зөв дадал зуршилтай болгох үүднээс уг тэмцээнийг 9-12 насны сурагчдын дунд зохион байгуулж байгаа аж.

 

“Нийслэлчүүдийн дунд халдварт бус өвчний тархалт өндөр байна. Нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй хоёр гол ажлын нэг нь “ЖАРАН НАСАНДАА ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ, ХОРИН ШҮДТЭЙ ИРГЭН БАЙХ” хөтөлбөр юм. Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 буюу өндөр түвшинд гарсан. Тиймээс өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах үүднээс “шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн нь Тайван, Япон, Солонгос зэрэг Азийн бусад улс оронд улсын олимпиадын хэмжээнд зохион байгуулагддаг эрүүл мэндийн чухал арга хэмжээ” гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж онцоллоо.

 

Энэ сарын 04-ний өдөр Налайх дүүрэгт болох уг тэмцээний зорилго нь EБС-ын сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, ингэснээр хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.