/2022.05.06/: Өмнөговь аймгийн Цагаан ханан гэдэг газраас олдсон монгол язгууртны хувцсыг үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийнхан сэргээн урлаж аймгийнх нь музейд саяхан хүлээлгэн өгсөн.
Үүнтэй холбогдуулан монгол язгуур соёлоо сурталчлах хувцас загвар -урлаг соёлын цэнгүүнийг энэ Бямба гарагт "The One event hall"-д зохион байгуулах гэж байна.
“Байдаг л цэнгүүн биш, урлахуй, урлаг хоёрыг хослуулсан, ирсэн зочдыг монгол соёлоороо гайхшруулсан арга хэмжээ болгоно “ гэж тус урланг үүсгэн байгуулагч Ш.Должинсүрэн амлажээ. Язгууртны, угсаатны, өдөр тутмын, хуримын гэх зэрэг 60 гаруй загвар толилуулах энэ цэнгүүнд гадаадын Элчин сайдууд, улстөр, бизнес, урлаг соёлын алдартнууд зочлон ирнэ гэдгээр нь хэр нэр хүндтэй шоу зохион байгуулж байгааг нь харж болно.
Шоуг “Алтай” ятгын Д.Ганпүрэв найруулсан бол түүний гэргий МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон охин Г.Амина нар ятгын эгшгээр бэлэг барих гэнэ. Урлаг соёлын хүмүүсээс үндэсний хувцас өмсөж толилуулах нь тус цэнгүүний бас нэг сонирхолтой хэсэг болох юм. Тухайлбал, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар ая дуугаа өргөн “Уран гоёл”-ын урласан угсаатны хувцас өмсөж үзүүлэх аж. Эвэр бүрээч С.Одсүрэн, түүний гэргий, хийлч Х.Ариунсайхан нар мөн хөгжимийн аялгуугаа сонордуулахаас гадна язгууртны хувцас өмсөж сонирхуулна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, гэр бүлийн хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар язгууртны хувцас өмсөх нь ээ.
Загварын ANDRA Academy бүрэн бүрэлдэхүүнээрээ хувцас загварыг нь өмсөж сонирхуулах юм байна.
“Алтай”, “Мөнхийн реп” хамтлаг, реги дуучин Macho бүтээлээсээ дээжилж, UB Drums хамтлаг бөмбөрийн гайхамшгийг мэдрүүлнэ.
Нийт сэтгэгдэл (0)