Инфляц

Бодлогын хүү

Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулж хариуцлага алдсан алба хаагчдыг халжээ

Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хаагч өндөр барилгаас унаж амиа алдсан билээ. Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаарх мэдээллийг өгч, хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авсан талаар мэдээллээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр: "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн аав, ээж төрөл төрөгсдөд дахин гүн эмгэнэл илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд тус ангид Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газраас шалгалт хийж, хэргийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу удирдлагуудын дараах тушаал гарсан.

1. 2022 оны долоодугаар сарын 22-ны тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг өнөөдрөөр буюу долоодугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

2. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл оногдуулсан.

3. Зэвсэгт хүчний 167-р ангийн нэгжийн захирагч болон ахлах ахлагч нарыг халж, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа ба цагдаагийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүүлийн үед энэ талаарх худал мэдээлэл цахим орчинд тархаж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.