Эдийн засагт гадаад хүчин зүйлс илүүтэй давамгайлсан өнөөгийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
- Төв банкнаас өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа 3 улирал дамнасан мөнгөний бодлогын үр нөлөө өнөөгийн байдлаар эдийн засагт зорилгоо хэрхэн хангаж байна вэ?
- Төв банкнаас инфляцын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, оны эхэн үетэй харьцуулахад бодлогын хүүг 2 дахин нэмэгдүүлж 12 хувьд хүргээд байна. Дан ганц бодлогын хүү бус инфляцыг өдөөж байсан зарим гадаад хүчин зүйлс, тээвэр логистикийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа нь инфляц буурахад нөлөөлж байна. Шатахуун, мах, хүнсний ногоо гэх мэт дотоод хүнсний барааны үнэ бас инфляц буурахад нөлөөлж байна. Засгийн газраас анхаарал хандуулж, авч хэрэгжүүлж буй зохион байгуулалт бодлого зохицуулалт ч үр дүнгээ өгч байх шиг байна. Сүүлийн саруудад инфляц буурах хандлагатай болж байгааг энд онцлох нь зүйтэй. Тухайлбал, инфляц энэ оны 8-р сард улсын хэмжээнд 14.4 хувьд хүрсэн нь 6-р сарын оргил үеэс даруй 2.5 нэгж хувиар буурсан хэмжээ юм. Цаашид инфляц үргэлжлэн буурч дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгаа хэдий ч гадаад орчны тааварлашгүй нөхцөл байдал гол эрсдэл болсоор байна.
- Гадаад орчноос үүдэлтэй геополитикийн тодорхой бус байдлаас манай эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг бууруулахын тулд бодлогын арга хэрэгслүүдээ нэмэгдүүлэх шаардлагатай юу?
- Үнийн өсөлт дэлхийн нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляц бий болж байна. Үүнд глобал эдийн засаг цар тахлын хүнд үеэс бүрэн сэргээгүй байхад геополитикийн хямрал нүүрлэсэн нь гол нөлөөтэй. Иймээс бодлогын оновчтой хариу арга хэмжээг авахын тулд макро эдийн засагт үзүүлж буй гадаад орчны нөлөөг зөв таних нь нэн чухал юм. Учир нь үүсээд буй өрнөл нь бодлогын арга хэрэгслээр зохицуулагдах эсэх нь бий болсон өөрчлөлтийн шалтгаан ямар байхаас ихээхэн хамаарна. Хэдийгээр глобал эдийн засагт үүссэн өөрчлөлтийг хүлээж авахаас өөр аргагүй боловч эрсдэлээ бууруулах, санхүүгийн нөөцөө хамгаалах, төрийн байгууллагууд бодлогын орон зайгаа гамнах нь юу ч болж магадгүй ийм тодорхой бус орчинд маш чухал болж байна.
- АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн бодлогын хүүгээ эрчимтэй өсгөнө гэдгээ мэдэгдсэн нь Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын төсөөлөлд хэрхэн нөлөөлөх бол?
- АНУ-д инфляцын түвшин зорилтоос нь 4 дахин давчаад байна. Үүний дээр сүүлийн сард тус улсын инфляц хүлээлтээс өндөр гарсан учраас Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид үргэлжлүүлэн эрчимтэй нэмэгдүүлэх хандлагатай болсон. Гэхдээ нэг удаагийн шийдвэрээр ихдээ 0.75 нэгж хувиар хүүгээ нэмэгдүүлж, ирэх онд 4-5 хувьд хүргэхээр байгаа нь Монгол төдийгүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл, хөгжиж буй орнуудын эдийн засагт маш том сорилт болж байна. Гадаад хүүний энэхүү өсөлт нь манай улсын хувьд гадаад зээл, дахин санхүүжилтийн хүүг өсгөх, валютын ханшинд тохируулга хийх, гадаад, дотоод хүүний тэнцвэрийг хангах зэрэг сорилтуудыг бий болгож байна. Мэдээж хэрэг хүү, ханшийн тохиргоо нь инфляц, эдийн засаг, зээлийн нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хүү зэрэгт нөлөөлнө.
- Жил дуусахад 1 улирал үлджээ. Энэ оны мөнгөний бодлого эдийн засгийг сэргээхэд зорьсон. Үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
- Ковидын эхнээс сүүлийн 2 жил гаруйн хугацаанд улсын санхүүгийн хуримтлуулсан нөөц, гадаад санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч, хөл хорионы дэглэм суларснаар эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.9 хувиар өссөн үр дүнд хүрлээ. Шууд болон шууд бус санхүүжилт, бага бодлогын хүү, зээлдэгчийн төлбөрийн хойшлуулалт, банк, санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлсэн зохицуулалт хөнгөлөлт зэрэг санхүүгийн механизм нь зээлийн тасалдлыг арилгаж, зээлийг сэргээж улмаар эдийн засгийн өсөлт, ялангуяа уул уурхайн бус салбарын сэргэлтэд нөлөөллөө. Мөн тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж уул уурхайн бус салбар нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн идэвхжил бидний хүлээлтэд хүрч сэргэсэн гэж хэлж болно. Нэгэнт уул уурхайгаас бусад салбар хямралын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшинг давсан тул цаашид бодлогыг дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, тодорхой тохиргоог хийж байна. Цаашид экспортын салбар сэргэх нь маш чухал ач холбогдолтой.
- Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын гол зорилтод инфляцын зорилтыг хэдээр тогтоож байгаа вэ? Зорилтыг өөрчилж байгаа юу?
- Инфляцын зорилт ба төсөөлөл нь ялгаатай агуулгатай. Зорилт бол жил болгон өөрчлөгдөх ёсгүй бөгөөд дунд хугацаанд инфляцыг тогтворжуулах хэмжээ юм. Харин инфляцын төсөөлөл, таамаглал бол хүлээгдэж буй түвшин юм. Төсөөлөл болон бодит гүйцэтгэл зорилтоос зөрүүтэй үед түүнийг ирээдүйд зорилтот түвшин рүү тогтворжуулахад мөнгөний бодлого чиглэдэг. Хэдийгээр гадаад инфляц, инфляцад нөлөөлөх хүчин зүйлс маш тодорхойгүй байгаа боловч суурь төсөөллөөр ирэх жилийн эхний 3 улирлын турш инфляц 8%-иас дээш байхаар байгаа бол зорилт 6(+/-2) хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн инфляцыг ирэх жилийн эцэс, 2024 оны эхэн гэхэд 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Үүнээс гадна макро зохистой бодлогын хүрээнд санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?
- Монголбанкны хувьд санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, мониторингийг хийж, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монголбанкнаас 2018 оны Төв банкны хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлийн хэт өсөлт, зээлийн тасалдлын эрсдэлийг оновчтой удирдаж бууруулахад чиглэсэн олон улсад өргөн хэрэглэгддэг макро зохистой бодлогын хэрэгслүүдийг ашиглан ажиллаж байна. Санхүүгийн сектор тогтвортой байх нь санхүүжилтийг дэмжих чухал хүчин зүйл учраас макро зохистой бодлого үүнд төвлөрч ажиллана. Мөнгөний бодлогын төлөв мэдэгдэхүйц хатуурсан тул инфляцыг тогтворжуулах хүртэл санхүүгийн нөхцөл хатуурах нь ойлгомжтой. Энэ нь зээлийн хүүний өсөлт, шинэ зээл олголтын шалгуур чангарах гэх зэргээр илэрнэ. Харин инфляц, ханш тогтворжих нь мөнгө, төсвийн бодлогоос гадна экспортын гүйцэтгэл, түүний бодит орлого, тээвэр-логистик гэх мэт бусад салбаруудын үйл ажиллагааны тасралтгүй байдлаас шууд хамаарч байна. Энэ үйл ажиллагаанууд тасралтгүй тогтвортой хэрэгжсэнээр зээлийн, санхүүгийн нөхцөл эргэж зөөлрөх хугацаа наашилна.
Ярилцсанд баярлалаа!
Нийт сэтгэгдэл (0)