Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр нуржээ.
Тодруулбал, Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар хоёрдугаар сарын 27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурчээ. Үүний улмаас гэр нурсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 28-ны 07:48 цагт Онцго байдлын алба хүлээн авсан байна. Шуурганд малчин А-ийн 4 ханатай гэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцан, ажиллажээ.
Мөн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар хоёрдугаар сарын 27-ны 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байрны дээвэр нурсан тухай дуудлага Онцгой байдлын албанд 28-ны 16:20 цагт иржээ. Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан байна.
Нийт сэтгэгдэл (0)