Инфляц

Бодлогын хүү

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхтэй ААНБ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, лавлагаа гаргах үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ын төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтаар барилгын салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж буй дээрх цахим системийн шинэчлэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хот байгуулалтын баримт бичгийг оруулах аргачлалын зааврыг танилцуулсан юм. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр болон 60 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож санал солилцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Газрын цахим мэдээллийн систем бол хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гол үндэс, суурь нь байх болно” хэмээн онцоллоо. Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай “Хот байгуулалтын баримт, бичиг боловсруулах эрхийг цахимжуулснаар төрийн үйлчилгээг авилга, ашиг сонирхол, хүнд сурталгүй, хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх, хүнээс хүнд дамжсан танил талын хүрээнд шийдэгддэг байсан асуудал ийнхүү ил тод болж байна” гэлээ.

Цахим систем дараах байдлаар ажиллана.

-Хуулийн этгээд эрхийн зөвшөөрөл эзэмших хүсэлтээ мэдээллийн сангийн цахим бүртгэлийн системээр дамжуулан ирүүлнэ

-Эрхийн зөвшөөрөл эзэмшигч нь ХУР системээр дамжуулан бүртгүүлнэ

-Суурь нөхцөл, шаардлагын дагуу удирдах болон инженер, техникийн ажилтан нэг бүр танилт нэвтрэлтийн улсын нэгдсэн “ДАН” системээр дамжуулан бүртгүүлнэ. Ингэсэнээр суралцаж төгссөн сургуулиудын жагсаалт, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг татаж харах боломжтой болсоноор салбарын удирдах ажилтан, архитектор, инженер техникийн ажилчдын мэдээллийн санг үнэн зөв, бүрэн бүрдүүлж, боловсон хүчний давхцал арилав.

-Салбарын тусгай зөвшөөрөл олгох мэдээллийн сангийн цахим бүртгэлийн систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системтэй холбогдон үйлчилгээ үзүүлснээр улсын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн иргэн хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг дахин бүртгэх шаардлагагүй болов.

-Журамд хуулийн этгээдийн нэр дээр мэдээллийн сангийн цахим бүртгэлийн системд бүртгэлтэй байгаа мэргэжлийн архитектор, инженер техникийн ажилчдыг гурваас доошгүй сарын хугацаанд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглов. Ингэсэнээр зохиомлоор тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд олон үүсэх боломжийг хязгаарлаж, орон тооны ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэв.

-Хуулийн этгээдийн архитектор, инженер техникийн ажилтны нийгмийн даатгал шинээр тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахад сүүлийн нэг сар, сунгуулахад сүүлийн гурван сар тасралтгүй төлөгдсөн байх шаардлагыг тусгаснаар хуулийн этгээдийн бүртгэлтэй мэргэжлийн ажилчдыг ажиллуулж байгаа эсэх, боловсон хүчний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, үнэн зөв мэдээллийг гаргах боломжтой болов.

-Журмаар мэдээллийн сангийн цахим бүртгэлийн систем дэх эрх эзэмшигч хуулийн этгээдүүдийн оролцоо, цахим системийн хэвийн үйл ажиллагааг тодорхойлж шинээр нэмж оруулав.

-Эрхийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим систем өөрөө суурь нөхцөл шаардлагын дагуу хүний оролцоогүйгээр шалгаруулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.