"Иргэд олон нийттэй харилцах 11-11" төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллалаа. Тэрбээр 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, мөн утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө.
Түүнээс нөөцийн махны чанарын талаар тодруулахад “Өнгөрсөн жил манай улсын бүх нутгаар зуншлага сайн байсан. Тиймээс махны чанарт ямар нэг асуудал байхгүй. Мах тарган, туранхай, яс их байна гэх асуудал энэ жилийн нөөцийн махны чанарт байхгүй. Улаанбаатар хотод нийтдээ 460 цэгт нөөцийн махыг худалдаалж байсан бол Засгийн газраас үнийг 20 хувиар хөнгөлж, 556 цэгт нөөцийн махыг борлуулж байгаа юм. Борлуулж буй цэгүүдээ нөөцийн махыг бүрдүүлсэн 27 ААН хувааж авсан. Аль нэг цэгт махны чанар, хангамжийн асуудал үүсвэл яам, НМХГ, ШӨХТГ-т хандах эрхтэй" гэв
Иргэд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хаврын тариалалт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар санал гомдлоо хэлж хариулт авав.
Өнгөрсөн сард "11-11" төвд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирж, 132-ийг нь шийдвэрлэжээ. 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Засгийн газрын гишүүд долоо хоног бүр "11-11" төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ.
Нийт сэтгэгдэл (0)