Инфляц

Бодлогын хүү

УИХ-ын чуулган: Банкны IPO-г хойшлуулах асуудлаар ямар байр суурьтай байв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журммын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. 2021 онд Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болох зохицуулалтыг тусгасан. 2022 он гарснаас хойш эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, олон улсын харилцааны хурцадмал байдалтай байгаа энэ үед банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргаж, энэ дагуу Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд уг асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Банкны IPO-г яаралтай хийснээр Монголын эдийн засаг солонгорно. Ганц, хоёр банк бэлтгэлээ базааж амжаагүйгээс болж IPO хийх хугацааг сунгах нь муу сурдаг хүүхдийг дэмжих гээд онц сурлагатныг боож байгаатай адил.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

Хууль батлагдсанаар олон нийтийн дунд хүлээлт үүссэн. Хэрэв бид хугацааг хойшлуулбал  гадаадын хөрөнгө оруулагчид Монгол төрийн шийдвэр тогтворгүй гэсэн ойлголт авч үргэнэ. Хууль хойшлогдвол 2023 онд ч IPO хийгдэхгүй. Цаашлаад Төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох ажил ч явагдахгүй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь нэг салбарын эрх ашгаас том асуудал. Банкууд өөрсдөө олон нийтийнх больё гэж байна. Гэтэл баталсан хуулиасаа буцаж байгаа нь хөрөнгө оруулахаар бэлдсэн хүмүүс, сангуудын итгэлийг алдахад хүргэнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 

Эдийн засгийн байнгын хороо цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд банкны IPO-ыг сунгах нь зөв гэж үзсэн. Эдийн засаг хүнд байхад системийн 5 банкийг хувьчлах нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөндөгдөх, банкны систем доголдоход хүргэж болзошгүй. Бид системээ хамгаалах ёстой.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Банкны реформтой холбоотой хуулийн төслийг маш их хэл ам болж байж батлуулсан. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ.  Би 1-2 банкны лобби орсон гэж хардаж байна. Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй банкнуудын лобби орсон гэж харж байна. Системийн ач холбогдолтой таван том банк цар тахалтай, эдийн засаг хүндрэлтэй үед 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Гишүүдээ үүнийг дэмжиж болохгүй шүү.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна.  Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш.  Зургаадугаар сарын 30-наас өмнө системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд хувьцаагаа зэрэг санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөх эрсдэлтэй тул нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжих хугацааг нь ирэх оны зургадугаар сарын 30-н хүртэл сунгаж байгаа юм. Одоо бэлэн болсон банк IPO зарлаад явах нь нээлттэй.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар ХААН болон Голомт банкны зүгээс хөрөнгийн бирж дээр IPO хийхтэй холбоотой материалаа Монголбанк болон СЗХ-нд өгсөн. Тус хоёр банкны хувьд нээлттэй ХК болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгээ онцолж байгаа юм. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Цаашид анхны болон хоёр дахь хэлэлцүүлгийн явцад илүү нарийн зохицуулалт хийгээд, хуулийн нэр томъёо, хойшлуулах хугацаа зэргээ илүү тодорхой болгох боломжтой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы төгсгөлд онцолсон юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.