Говь-Алтай аймаг “Залуучуудын сар”-ыг тохиолдуулан энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа аж. Энэ талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн 30 жилд хөдөө орон нутагт хүний хөгжлийн асуудал хаягдсан. Ялангуяа гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдсон. Хөдөө орон нутгийн иргэд хүүгээ мал дээр гаргах, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгох хандлага их. Өнөөдөр хөдөө орон нутагт хүйсийн харьцаа алдагдсан. Залуучуудтай уулзалт хийхэд тэд хоорондоо танилцах, уулзах боломжоор хангаж өгөх хүсэлт ихээр гаргадаг. Иймээс гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуучуудыг танилцуулах зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Мөн манай аймагт цус ойртолтын асуудал их бий. Залуучууд дунд даралт ихсэх зэрэг өвчлөл их байна. Чуулга уулзалтын үеэр энэ талаар мэдээлэл өгнө" гэлээ.
Уг үйл ажиллагаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд Дөргөн нуур баазад болох бөгөөд одоогоор 300 залуу оролцохоор бүртгүүлсэн байна.
Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл зохиож амжаагүй ганц бие залуусыг хооронд нь танилцуулах бөгөөд бүртгүүлсэн залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэлээ. Мөн энэ үеэр нөхөн үржихүй, цус ойртолт, бизнесээ хэрхэн өргөжүүлэх зэрэг хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулах юм байна.
Нийт сэтгэгдэл (0)