Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг шалгаж, газар дээр нь танилцсан юм.
Энэ жил тус дүүрэгт 128 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгааг албаныхан хэлж байна. Дүүргийн хэмжээнд энэ онд 6 шинэ сургууль болон 2 сургуулийн өргөтгөлийн байрыг барина. Мөн энэ жилээс бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгааг мэдээллээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Мөн хөдөө аж ахуй, агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгаа техникийн бэлэн байдал, орон сууцны контор, халаалтын зуухны засвар шинэчлэл, инженерийн шугам сүлжээ, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг хэд, хэдэн чиглэлээр өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж байгаа бөгөөд дээрх үйл ажиллагааны биелэлттэй төлөөлөгчид танилцлаа.
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОЛГОЙТ ДЭД ТӨВД АЖИЛЛАВ
Төлөөлөгчид мөн Толгойт дэд төвд ажиллав. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороонд нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хүрээнд хийнэ.
Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав. Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Нийт сэтгэгдэл (0)