Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гийн дэд суурин төлөөлөгч Аяако Кайног хүлээн авч уулзлаа. Тэд боловсролын байгууллагын дотуур байран дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хоол хүнс, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хөндөн ярилцлаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын байгууллагын нийт 526 дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхэд гэмт хэрэг, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар орон нутаг, нийслэлд зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн дотуур байрын орчин нөхцөлийн судалгаа хийх шаардлага байгаа учир энэ чиглэлд хамтарч ажиллахыг дэд сайд хүсэв. Түүнчлэн модон жорлонг халж, дотуур байранд ариун цэврийн байгууламжийг бий болгохоор ажиллаж байгаа. Цаашид дотуур байрын хүүхэдтэй ажиллах, хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сан боловсролын чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран 5 жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрт хүүхэд хамгаалал, хүний эрх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сурах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг асуудал багтсан байна. НҮБ-ын Хүүхдийн сан дээрх асуудлаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Нийт сэтгэгдэл (0)