Инфляц

Бодлогын хүү

Нийтийн тээврийг сайжруулж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийднэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 94 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 59 агуулахад сайжруулсан шахмал түлшний 120 мянган тонн нөөц байна. 

Мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, орон нутаг руу сайжруулсан шахмал түлш гаргахыг оролдсон зөрчил хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот руу 39 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан бол 57 шуудай шахмал түлшийг хотоос гаргахыг оролджээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 70 албан тушаалтан чөлөөлөгдөж, 40 байгууллагын 97 тээврийн хэрэгслийг төвлөрүүлжээ. Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өглөө, оройн их ачааллын үед 14 чиглэлд дундаас эх авах зохицуулалт хийсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгжийн 861 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа 94 хувьтай байна.

Авто зогсоолын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн танилцууллаа.  Судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 59.900 автомашины зогсоол байна. Үүнээс 77 байршил дахь зогсоол нь Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй. Улаанбаатар хотын зорчилт ихтэй бүсүүдэд 82.900 автомашины зогсоолын эрэлт байгаа судалгаа гарчээ. Хүн төлбөр авдаг системээс татгалзаж, автоматжуулахад анхаарч байгааг хэлж байлаа. Хотын дарга төлбөр авдаг системийг цахимжуулах, стандартад нийцсэн ногоон байгууламж байгуулах, дугуйн зам, явган хүний замыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг онцлов. Мөн  нийтийн тээврийг сайжруулж, хүрэлцээг нэмэгдүүлж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийдвэрлэх юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.