Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний нисэхийн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлогын хүрээнд Тайландын хаант улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн дагуу хоёр улсын Иргэний нисэхийн салбарт харилцан ашигтай чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналтын мэдээлэл, туршлага солилцох, байцаагчдын ур чадвар, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах, хүний нөөцийн болон бусад сэдвээр харилцан дэвшүүлсэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтныг оролцуулан жил бүр уулзалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авна.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Монгол улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ч.Гантулга, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Урантөгс, Тайландын талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга Суттипонг Конгпүүл, Нисэхийн аюулгүй ажиллагаа, стандартын хэлтсийн дарга Кажонпат Маклин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийт сэтгэгдэл (0)