Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанд гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцууллаа.
Тэрбээр "Гашуунсухайт" боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг танилцуулав.
Тухайлбал,
Түүнчлэн, дээрх хяналт шалгалтуудаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байжээ.
Мөн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, нүүрс тээвэрлэлтийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн алба хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бус үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн, Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн тухай хариу мэдэгдэж байсан талаар тэрбээр танилцууллаа.
Гаалийн байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авав.
Гишүүдийн асуултад Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах газар, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгайн асуудал илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна.
Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар хариулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)