Инфляц

Бодлогын хүү

“Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологичид зөвлөлдөв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ирэх гурван жилд шинэ систем, программ хангамж нэвтрүүлэх замаар цахим шилжилт хийх төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулжээ. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар уул уурхайн салбарт цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологчидын хувь нэмэр чухал гэдгийг онцолсон.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан нэгдлийн мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийлээ. Нэгдлийн хэмжээнд цахим шилжилт нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтын давхардал, үргүй зардал арилна. Үйл ажиллагаа нь шилэн болсноор эрдэс баялагтай холбоотой хууль бус явдал бүрэн зогсож ашигт үйл ажиллагаа 30-40 хувь нэмэгдэнэ. Мөн нэгдлийн хэмжээнд мэдээлэл солилцох хурд сайжирч Засгийн газрыг мэдээллээр шуурхай хангаж бодитой шийдвэр гаргах ач холбогдолтой гэдгийг тэрээр тайлбарлав.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв, Монголын программ үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр нар Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал, уул уурхайн салбарын цахим шилжилтийн талаар болон уул уурхайн салбарт инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуй нэгжүүдийн сайн туршлагын талаар мэдээлэл хүргэсэн юм.

“Эрдэнэс Монгол нэгдлийн цахим шилжилт-2022” зөвлөлдөх уулзалтад оролцсон мэдээллийн технологчид уул уурхайн салбарт цахим шилжилтийг хэрхэн нэвтрүүлэх цаашид хөгжүүлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуй нэгжүүд өөрсдийн нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологио танилцуулсан юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.