Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ, Жайка байгууллагын “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-тэй хамтран 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүний нөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт” зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай нар нээж, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хүний нөөцийн ажилтан хамрагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тусгагдсан зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээлэл өглөө.
Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар саналаа хуваалцаж, цаашид энэхүү чадавхжуулах сургалтыг цуврал болгон зохион байгуулах хэрэгтэйг онцолж байв.
Нийт сэтгэгдэл (0)