Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Гэр оронгүй иргэнийг нийгэмшүүлэх, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Гэр оронгүй иргэнийг нийгэмшүүлэх, түр хоноглох байранд байрлуулах, тэдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Мөн архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, гэр оронгүй болоход нөлөөлж буй шалтгааныг хэрхэн бууруулах талаар ярилцлаа.
Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, нийслэлийн бусад холбогдох газруудтай хамтран томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн гэсэн гэр оронгүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлэх ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд 48 иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэж, 62 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулан, 1 иргэнийг Энэрэл эмнэлэгт хэвтүүлж, 65 иргэнийг түр хоноглох үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудад хүргэсэн юм.
Өнөөдрийн байдлаар түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ үзүүлдэг 7 төрийн бус байгууллагад 396 иргэн байрлаж байна.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй
хүний хөгжлийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, "Энэрэл" эмнэлэг, нийгэмшүүлэх, түр хоноглох үйлчилгээ үзүүлж буй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй хүн оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)