Инфляц

Бодлогын хүү

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

 

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 

   Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

   Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийгээд, чуулганы нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

 

   Ж.Бат-Эрдэнэ гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортын үнэ өөр өөр байдаг асуудлыг цэгцлэх энэхүү хуулийн төслийг батлах нь нэн чухал гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэлээд, дагаж батлагдах журмуудын талаар тодруулсан. Хуулийн төслийг Улсын Их Хурал баталсны дараа дагаж 11 журам баталж, бирж байгуулах тул төсөв хөрөнгө, хугацаа шаардлагатай гэдгийг Ж.Ганбаатар сайд хариулав. Тиймээс түр журмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 30 хувийг, түүнчлэн санал хүсэлтээ ирүүлсэн бусад компаниудын нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр долдугаар сарын 1-нээс борлуулах туршилтыг хийхээр ажиллаж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаa 1072 хувьцааны талаар, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 буюу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих заалт хэрэгжихгүй байгааг тодруулж, хариулт авав. Тус хувьцааны бүртгэл хөрөнгийн бирж дээр хийгдээгүй,  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв данс нээгээд 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд олгоод байгаа гэв. Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжгүй, Засгийн газар холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд биржээр дамжуулан 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэдэг хариултыг өгөв. Түүнчлэн ойрын хугацаанд  компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг биржээр эргэлтэд оруулах “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөөд байгаа гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, С.Ганбаатар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

 

   Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

   Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан байна.

 

   Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

   Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

 

Улсын Их Хурлын тогтоол баталлаа

   Үдээс өмнөх хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

   Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд олон талт мэдээллээр тэгш хангах, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

 

   Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам,  гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан бөгөөд зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө баталж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгохоор тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг зөвлөлдөх санал асуулга явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ш.Адьшаа гишүүн тогтолцооны гажуудлыг засах асуудлыг нийтээрээ хэлэлцэн, ард түмний хүсэн хүлээж байгаа төрийн тогтолцооны болон бусад асуудлыг шийдэх саналтай байгаа гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх; тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх; иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх; Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулна гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу нийтээрээ тулгамдаад буй асуудлаа хамтдаа тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй хэмээн үзсэн” гэдэг тайлбарыг өгсөн. С.Чинзориг гишүүн, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохион байгуулалтын талаар тодруулж, төлөөллийг хангах, санал авах сэдвүүдээ тодорхойлох дээр онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн.

 

   Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг.  Тус зөвлөл санал асуулга явуулах сэдвүүдээ боловсруулдаг. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйл дэх Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журмын хүрээнд санал асуулгыг зохион байгуулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Монгол Улс 2017 онд анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг явуулж байсан талаар Ж.Мөнхбат гишүүн санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Зөвлөлдөх санал асуулгынхаа хүрээнд тогтолцооныхоо өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гээд хугацааг өөрчлөх боломжтой эсэхийг тодрууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлын арван хоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх бөгөөд хуульд заасан арга хэмжээнүүдийг хуулийн хугацаагаар нь хамгийн шуурхай зохион байгуулна хэмээн төлөвлөж 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон гэх тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд өгсөн.

 

   Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 33 нь 62.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсны дараа “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан үг хэллээ.

 

 

   Тэрбээр "...Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор бид дөнгөж сая шийдвэр гаргалаа. 

   Авлигын улмаас төрд итгэх иргэдийн итгэл, төр, ард түмний хэлхээ суларч байна. Төрд итгэх, ард иргэдийн итгэл сулрахад гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөө маргаашаа аргалсан хэсэг бусаг шийдвэр гаргаж, өдөр хоногийг аргацааж өнгөрөөж сууж болохгүй болчихсон ийм цаг үе. Нийгэмд даяар ард иргэд бухимдаж, тэсэрч, тэр дотроо худал, үнэн нь мэдэгдэхгүй попролт, бодит байдлын үнэн мөнийг олохыг тэд хүсэж байна. Хулгайчдыг олж шийтгэхийг шаардаж байна. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах тухай Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу тэдэнтэйгээ хамтарч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэнэ..." гэв. (бүрэн эхийг эндээс) Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.