Азербайжаны дотоод хэргийн яам тус улсын нутаг дэвсгэрт шашны нэрийн дор хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан гэх 39 хүнийг баривчилснаа өчигдөр зарлажээ.
Тэдгээрийг Ираны тусгай албадын даалгавраар ажиллаж байсан гэж мэдээлсэн байна.
Баривчлагдсан этгээдүүдийг “Ираны тусгай албадын даалгавраар онлайн орчинд суртал нэвтрүүлэг явуулж, иргэдийн шашны эрх чөлөөнд халдсан” гэж Азербайжаны дотоод хэргийн яам тайлбарлажээ.
Өнгөрсөн Мягмар гарагт бас Ираны тагнуулын сүлжээг илрүүлэх ажиллагааг нийслэл Баку болон өөр хэд хэдэн хотод явуулах үеэр долоон хүнийг баривчилсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Ираны тусгай албад Азербайжаны эсрэг хөрш Арменийн талтай хамтран ажилладаг гэх яриа өмнө нь гарч байсан юм.
Тухайлбал Армени улсын гадаад хэргийн дэд сайд Вахан Костонян 2022 оны есдүгээр сард Азербайжаны тал тус улсын эсрэг цэргийн томоохон ажиллагаа явуулах гэж байсныг Ираны тусламжтай илрүүлж, таслан зогсоосон тухай хэвлэлд ярьж байжээ.
“Өнгөрсөн есдүгээр сард Азербайжаны тал Арменийн эсрэг томоохон эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа тухай тагнуулын мэдээллийг бид авч байсан. Ираны талын авсан арга хэмжээ, өгсөн мэдээлэл үүнийг таслан зогсооход тус болж байлаа. Иран бол Арменийн чухал түнш. Ирантай залгаа хил бол Арменийн хувьд маш чухал ач холбогдолтой. Турк, Азербайжантай залгаа хил маань хаалттай байдаг тул манай улс гадаад ертөнцтэй зөвхөн Иран, Гүржээр дамжуулж харьцдаг” гэж тэр Al-Monitor сонинд ярьсан юм.
Азербайжан, Армени улсууд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байх үеэс улбаатай газар нутгийн маргаан зөрчилтэй байдаг.
Армени үндэстэн хүн ам голлон суудаг Уулын Карабахын бүс нутаг албан ёсоор Азербайжаны бүрэлдэхүүнд багтдаг ч салан тусгаарлагчдын хяналтад байсаар байгаа юм. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байв.
Өнгөрсөн долоо хоногт Тегеран дахь Азербайжаны элчин сайдын яамны байранд зэвсэгт этгээдүүд халдсан юм. Энэ халдлагын дараа Бакугийн эрх баригчид элчин сайдын яамны ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: ТАСС
Нийт сэтгэгдэл (0)