Монгол Улсын Засгийн газраас /2023.01.09/ өдөр Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос 21 аймаг, 9 дүүргийн залуучууд, сайн дурын даатгуулагч, малчдын төлөөлөлтэй уг хуулийн төслийг /2023.02.10/ өдөр танилцуулан, санал авах уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай шударга тогтолцоо бүрдэх, 20-оос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн̆ эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн̆ хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээллээ.
Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хүртэх үр шимийг иргэдэд ойлгуулах, тэтгэврийн зээлийг зогсоож зөвхөн ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах боломжоор хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, санал авах цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)