Гуравдугаар сарын 7-нд “С.Бямбацогт сайд Төмөр замчдадаа худлаа хэлж, “попорчээ” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан. Энэ талаар “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад дараах хариултыг өглөө. -Сайтад гарсан мэдээллийн агуулгад сайд төмөр замчдад худал хэлж, өнгөрсөн оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгосонгүй. 100 хувиар тооцон олгосон. Үүнд нь төмөр замчид сэтгэл дундуур байгаа талаар дурдсан байна лээ. Дээрх мэдээлэл нь огт ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд УБТЗ өнгөрсөн оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцон бодож олгохоор болсон. Ингэхдээ цагаан сарын өмнө 100 хувь, үлдэгдэл 100 хувийг тавдугаар сардаа багтаан олгохоор шийдвэрлэсэн. -Энэ шийдвэрийг албажуулсан зүйл бий юу? -Замын даргын 2023 оны нэгдүгээр сарын 17-нд гарсан 229б цахилгаанд заасны дагуу “Жилийн үр дүнгийн шагналт цалинг нийтээр тэмдэглэх Цагаан сарын баярын өмнө 100 хувь, тавдугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувь тус тус олгоно” хэмээн заасан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтнуудын үр дүнгээр олгох шагналыг Цагаан сарын баярын өмнө олгохоор шийдвэрлэж, хүсэлт өгсөн ажилтнуудад 200 хувиар олгосон. Иймд эрхэм сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтнууд та бүхэн аливаа мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягталж, баталгаа, нотолгоогүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй байхыг хүсье.
Эх сурвалж: "УБТЗ"ХНН
Нийт сэтгэгдэл (0)