Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхдүүдийн 86,5 хувь нь хамрагдаж байна. Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе цэцэрлэгийн насанд тохиодог. Тиймээс сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах нь нэн чухал юм.
Тиймээс:
- 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халав. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамрууллаа.
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, багш нарыг үнэлж үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэв. Цаашид улам боловсроонгуй болгоно.
- 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулж гарааны тэгш байдлаас сургуульд элсүүлнэ. Энэ хүрээнд 5 настай хүүхдүүд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд хамрагдав.
- Хөтөлбөрийн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж, туршилтыг 8 цэцэрлэгт хэрэгжүүлж байна. Хөтөлбөрөө туршина гэдэг нь чанарыг сайжруулах гол алхам юм.
Сургалтын чанарыг сайжруулахын тулд хөтөлбөрийн шинэчлэл хийхээс гадна таатай орчныг бүрдүүлэх, ур чадвартай багшийг ажиллуулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдийн хамгийн их сонирхож цагаа зарцуулдаг тоглоомоор дамжуулан мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг эрмэлзэж байна. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг олон судалгаа нотолж байна.
Иймээс Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролыг чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 21 аймгийн 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 850 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багцыг хүргэж байна. Зарим цэцэрлэгийн төлөөлөлд сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.
Тоглоомд суурилсан сургалт нь идэвхтэй сурах чадварыг хөгжүүлэх чухал арга бөгөөд ЕБС-д хүүхдүүд сурах бичиг ашиглан суралцдаг бол цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх гол сурах бичиг нь тоглоом учраас цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах нь маш чухал юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)