Инфляц

Бодлогын хүү

Авлигын сэдэвт мэдээллийн 81 хувь нь “авлига авсан хүн, мөнгөн дүн” гэсэн хоёр баримтын хүрээнд нэг удаа дурдагдаад өнгөрдөг

Асуудалд төвлөрсөн уламжлалт хандлагаас илүүтэй шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр нэгэнт бий болжээ. Solution journalism буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн рүү бус асуудал руу чиглэн учир шалтгааныг тодруулж, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл асуудалд төвлөрсөн сэтгүүл зүйн хандлагыг “гацаанаас” гарган шийдлийг эрэлхийлэх аргад тулгуурласан сэтгүүл зүйн чиглэл юм байна.

 “Хоточ нохойн” үүрэгтэй зэрэгцэн “хөтөч нохойн” үүргийг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн уг аргыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийн нэвтрүүлээд эхэлжээ. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Авлигатай тэмцэх газар, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллага хамтран  “АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ” практик сургалтыг өчигдөр нээлттэйгээр зохион байгуулсан байна. Мэргэжлийн шинэ чиглэлийг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилготой уг сургалтад мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  болж, 100 орчим сэтгүүлч оролцжээ. 

Шийдлийн сэтгүүл зүйн гарц гаргалгааг эрэлхийлдэг олон асуудлын нэг нь авлига. Нэгэнт болоод өнгөрсний дараа мэдээлэх биш, харин урьдчилан сэргийлэх нь авлигыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга юм. Сэтгүүлчдийн үүрэг оролцоо үүнд нэн чухал гэдгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн сургалтыг нээх үеэрээ хэлсэн байна. Уг сургалтыг шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явуулж, шийдлийн сэтгүүл зүйн арга зүй, түүнийг хэрэглэж үр дүнд хүрсэн сайн туршлагууд, авлигыг бууруулсан жишээг ярьсан байна. Манай улсад авлигын асуудлыг сэтгүүүлч нар хэрхэн сурвалжилж, мэдээлж буй талаар 15 мянга орчим дата дээр судалгаа хийснийг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Т.Өнөрсайхан танилцуулжээ. Тухайлбал, өдөр тутмын зургаан сонин, мэдээллийн 10 сайтын мэдээлэлд судалгаа хийсэн байна.  Авлигын сэдэвт мэдээллийн 81 хувийг “авлига авсан хүн, мөнгөн дүн” гэсэн хоёр баримтын хүрээнд нэг удаад дурдагдаад өнгөрөх мэдээ хэлбэрээр бичдэг байна. Гэтэл мэдээ нь нэг өдрийн сенсац болохоос асуудлыг шийдэл рүү хөтөлдөггүй гэдгийг сургагч багш Жей Марлон Карр хэлж байлаа.

“Асуудлаас шийдэл рүү” нэртэй уг практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой бөгөөд тавдугаар сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд дэлхийн 11 орны эрдэмтэд сэтгүүл зүйн шинэ чиглэл, хандлагын талаар 15 илтгэл танилцуулах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.