Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагчид болон Нийслэлийн Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын бүрэлдэхүүнтэй. ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан тус ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах нийт 258 объектод хяналт шалгалт хийж, аттестатчилах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Нийт сэтгэгдэл (0)