8-р сарын 1, Улаанбаатар хот - Жил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжье” уриан дор тэмдэглэж байна.
Эхийн сүү нь зөвхөн эх, хүүхдэд төдийгүй нийгэмдээ чухал үр өгөөжтэй. Эхийн сүү хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж, тархины хөгжлийг нь дэмжиж, хүүхэд болон эхийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулдаг. Удаан хугацаагаар эхийн сүүгээр хооллосон хүүхдэд хэт таргалах эрсдэл бага байдаг. Эхийн сүү хүүхдийн амь насыг хамгаална, эрүүл мэндийг нь дэмжинэ, мөн тухайн нийгэмд эрүүл хүн ам, ажиллах хүчнийг бий болгоход чухал үүрэгтэй.
Монголд 6 сар хүртэлх нялхсын дөнгөж 50 хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тогтвортой хөгжлийн зорилт 2030 бол энэ тоог 70 хувьд хүргэх. Үүний тулд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг нэн чухал байгаа юм.
Ингэж буурах болсон нь гол төлөв хөхүүл ээжүүд эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрт ажилдаа орох, эхийн сүүгээр хооллох боломж нөхцөл ажлын байран дээр дутмаг байх зэрэг шалтгаантай.
Эхчүүд хүүхдээ хөхүүлэхээ эрт зогсоох, хэт боловсруулсан сүүн тэжээлээр хооллоход хүргэдэг гол шалтгаан нь ихэнх тохиолдолд эхчүүдийн хувийн сонирхол, сүү хангалтгүй байх зэрэг асуудлаас биш, харин ажилдаа эрт орох, ажлын нөхцөлтэй байдалтай холбоотой байдаг. Эхийн сүү, хүүхэд хөхүүлэх үйл ажиллагаа нь шимт бодисын найрлага, дархлаа тогтоох чанар, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмждэг шинж чанараараа хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болох сүүн тэжээлээс харьцуулшгүй их ач холбогдолтой юм.
Тиймээс ажлын байранд хөхүүл ээжүүдийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгцээтэй байгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран энэ дэлхийн долоо хоногоор онцолж байна.
Ажлын байран дээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь зөвхөн эх, хүүхэд төдийгүй хувийн хэвшилд ч үр өгөөжтэй. Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлснээр
Хөхүүл ээжүүдэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг дэмжихийг бодлого тогтоогчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран уриалж байна.
Нийт сэтгэгдэл (0)