Инфляц

Бодлогын хүү

Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх үнэт цаас гаргахыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжив

НИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад буй.

Үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх зэрэг шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.

Энэ хүрээнд үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Хэлэлцүүлсэн асуудалтай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Ийн төлөөлөгчид олонхын саналаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг дэмжив. Ингэснээр нийслэл анх удаа үнэт цаас гаргахаар боллоо.

Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орууллаа

Мөн хуралдаанаар Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, НИТХ дахь хурлын хороодын хамтарсан хуралдаан болон намын бүлгүүдээс гарсан саналуудыг хэлэлцэн, санал хураасан юм. Хурлын хороод болон намын бүлгүүдээс 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээн дэх хоёр ажлын 2023 онд санхүүжих дүнг бууруулах санал гаргав. Тухайлбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын хоёрдугаар ээлжийн ажлын 2023 онд санхүүжих төсвийг,  мөн Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын 2023 онд санхүүжих төсвийг тус тус бууруулахаар санал хураалт явуулж, батлууллаа. Ийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын нэгдүгээр ээлжийн ажил, Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд хийх газар чөлөөлөлтийн нөхөн олговрын төсвийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, баталлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.