Инфляц

Бодлогын хүү

С.Чинзориг: Хорт хавдрын эмчилгээнд хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ

Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.



Монгол Улс хорт хавдрын ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик байна. Манай улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байсан.

Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.

Монгол Улсын ЭМЯ, ХСҮТ хамтран хорт хавдрын эмчилгээний стратегийг оновчтой болгох, монгол хүн эх орондоо, эдийн засгийн дарамт ачаалалгүйгээр дэлхийн шилдэг технологи бүхий оношилгоо, эмчилгээг хийлгэх, элэг бүтэн амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ онцлоод “Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг. Санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтэний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага, нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх PACE тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг дурдлаа.

Тэрбээр мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад элэгний хожуу шатанд оношлогдсон хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам хийгдэнэ. Учир нь эдгээр эм их өндөр өртөгтэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаас нь хамаарч 8000-9392 ам.доллар буюу монгол мөнгөөр 20-32 сая төгрөгөөр хийлгэдэг бол үүнийг манайд маш бага үнээр буюу 1000 орчим ам.доллараар нийлүүлэхээр санал тавьж байгаа гэдгийг хэлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр бас нэгэн сайн мэдээг хэвлэлийнхэнд дуулгасан. Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөл өндөр түвшинд байдаг учраас хавдрын эмчилгээний зардал болон эмийн хүрэлцээ бага байгаа талаар ДЭМБ-д санал уламжилсан. Үүний үр дүнд хүүхдэд зонхилон тохиолдож байгаа зургаан нэр төрлийн хавдрын эмчилгээнд 30 орчим төрлийн шаардлагатай эмийг үнэ төлбөргүй олгохоор болсныг хэлсэн юм.

ЭМЯ, ХСҮТ, “Рош” компанийн хамтын ажиллагааны хүрээнд хавдрын оношилгоо, эмчилгээнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа талаар “Рош” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас элэгний хорт хавдрын гурав, дөрөвдүгээр үед оношлогдсон тохиолдолд дархлаа эмчилгээг нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж байгааг маш өндөр итгэл хүлээлгэлээ гэж ойлгож байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хавдраар өвчилж буй иргэдийн тоо багасах нөхцөл бүрдэх юм. Цаашид олон жил хамтран ажиллах нь хавдрын өвчлөлийг бууруулахад томоохон түлхэц болно гэдгийг онцолсон.

Бай эмчилгээ болон дархлаа эмчилгээ нь системийн бусад эмчилгээтэй харьцуулахад гаж нөлөө багатай төдийгүй хувь хүн тус бүрт өвөрмөц байдгаараа онцлог юм. Монгол Улсад 2021 оноос бай эмчилгээний зарим эмийг эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулсан. Ингэснээр ходоод, хөх, өндгөвч, бүдүүн шулуун гэдэс, мэнгэний хорт хавдрын эмчилгээнд бай эмчилгээ нэвтэрч олон хүний амь насыг аварч байгаа юм. Хэдийгээр бай эмчилгээ эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан ч дархлаа эмчилгээ даатгалд хараахан хамрагдаагүй тул энэ хоёр эмчилгээг өвчтөнүүдэд хавсран хийх боломжгүй байна. Тиймээс дархлаа эмчилгээг бай эмчилгээний нэгэн адил эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, өвчтөнд дэлхийн дэвшилтэт эмчилгээг санхүүгийн дарамтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхийг зорьж буй гэдгийг С.Чинзориг сайд “Рош” компанийн төлөөлөлтэй уулзахдаа танилцуулсан.

Эрүүл мэндийн салбарт хавдрын шаардлагатай тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэж, оношилгоо эмчилгээ хийж байгаа ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Эмчилгээний шинэ технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед дэлхийн түвшний дархлаа эмчилгээг Монголдоо нэвтрүүлснээр олон хүн эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж буй юм. Дархлаа эмчилгээ нь эм гэхээс илүү хүний биеийн дархлааны эсийг идэвхжүүлж, хавдрын эсрэг тэмцэх хүчин чадлыг бий болгон хавдрыг устгадаг тул сүүлийн 10 жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ эмчилгээг иргэдэд эдийн засгийн дарамтгүйгээр хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байгаа” гэв.

Ташрамд дурдахад, Швейцарийн Хоффман Ла Рош компани 2018 онд анх Монгол Улсад шилдэг оригинал эмийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрын эмчилгээнд Бай эмчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд улмаар 2019 онд Монгол улсын ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг зурж байсан ажээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.