Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэр, хүм амын онцлог, гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тус дүүрэг нь 1244 га газар нутагтай, 360 мянга гаруй хүн амтай, Улаанбаатар хотын нийт өрхийн 25.5, аж ахуйн нэгж, байгууллагын 22.6 хувь нь байдаг Нийслэлийн хамгийн том дүүрэг юм.
Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил бусад дүүрэгтэй харьцуулахад их гардаг байна. Тухайлбал, улсын хэмжээнд бүртгэгдсэн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 5 тохиолдол бүрийн нэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэх статистик мэдээ гарчээ.
Иймд дүүргийн прокурорын газраас дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажил, арга хэмжээг өргөн хүрээнд, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, түүний үр дагаврын талаар иргэдэд мэдээлэл хүргэх сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан байна.
Энэхүү сургалтыг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хийж, нийт 110 хүнийг сургагч багшаар бэлтгэжээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба
Нийт сэтгэгдэл (0)