Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлөл төсөлд хамрагдсан өрхийн гишүүдтэй уулзан, нөхцөл байдалтай танилцав.
Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулаад байгаа аж. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд тулгуурлан ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, тухайн айл өрхийн амьдрах орчин сайжирч байна. Цаашлаад Монгол Улсын Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, зорилтод оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн, карбон кредитээр нэмэлт орлого олох боломжтой юм. Хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслүүд олон улсад сайн дурын зах зээлд оролцох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч манай улсад аль төслийг хэрхэн тооцох, үүнтэй холбогдох харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа.
“URECA” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Орчлон:
-Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно. Тухайлбал, туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан. Бид эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулах зорилт тавин, суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа. Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм хэмээлээ.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халжээ. Ингэснээр гал түлэхгүй учраас гэр доторх орчин цэвэр, тухтай болж, гар ажиллагаа багасаж, бага насны хүүхдэд тулгардаг эрсдэл байхгүй болсныг төсөлд хамрагдсан өрхийн зүгээс хэлж байсан юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээ баталгаажуулснаар карбон кредит буюу оноо цуглуулж, оноо бүрээ үнэлүүлэн, олон улсад болон дотооддоо арилжаалах боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийт сэтгэгдэл (0)