Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.
Дэвсгэртийн нүүрэн талд дэвшилтэд технологиор хийгдсэн хамгаалалтын элементүүд болох хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах Соёмбо, 3 хэмжээст, өнгө нь хувирч солонгорон харагдах элемент бүхий банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн лого болон баруун доод хэсэг дэх морьтон баатар, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 6 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдгүүдийг шинээр байршууллаа. Мөн дэвсгэртийн ар талд хамгийн сүүлийн үеийн тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик туузтай болов.
Түүхэн ой, үйл явдалд зориулан дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг нийтлэг жишиг юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулахад тогтмол анхааран ажиллаж байна. 2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж, 2019 онд 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож өөрчилсөн. Мөн 2020 онд 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэй болгож, 2021 онд 10000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг 3 хэмжээст, нарийн шугаман элементтэй, налуу барихад элементүүд нь олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардсаар бүтээж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент нэмж шинэчлэн сайжруулав. Үүнээс гадна 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байлаа.
Нийт сэтгэгдэл (0)