Өнөөдөр уг нь “Эх орончдын өдөр” гэх тодотголтой өдөр. Гэхдээ Монголчуудын ихэнх нь тэр тусмаа залуус гол төлөв энэ өдөрт тийм ч таатай ханддаггүй. Харин гэгээн Валентын өдөрт арай л дотно, хүндэтгэлтэй ханддаг нь нууц биш.
Гэхдээ залуусыг шүүмжилж буй хэрэг огтоос биш шүү. Хайр бол мөнхийн бас аугаа зүйл. Тийм учраас хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг. Нөгөөтэйгүүр “Эх орончдын өдөр”-ийг олны зүрх сэтгэлд байр суурь эзэлтэл нь хүндэтгэлтэй авч явж чадаагүй учраас тийнхүү эрэмбэлэгдэж буй ч биз. Бас энэ өдрийг МАН, МАХН-аас улбаатай юм шигээр ойлгуулж, бас тэмдэглэж ирсэн учраас өнөөдөр хандаж буй хандлага нь.
Товчхондоо бол нэг намын тогтолцоотой байх үед НАМЫН БАЯР гээд тэмдэглэдэг байлаа шүү дээ. Харин 2004 оноос эхлэн Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулснаар 3 дугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэж байх шийдвэрийг УИХ-аас гаргасан байдаг.
“Энэ өдрөөр бид яах ёстой юм бэ” гэж ЕБС-ийн 12 дугаар ангийн 1 бүлгийн сурагчдаас асуухад “Мэдэхгүй” гэж 97 хувь нь хариулсан бол 1 хувь нь “Бид нарыг эх оронч сэтгэлтэй болгож байж энэ өдрийн тухай ярих нь зөв байх” гэж хариулахад нөгөө 97 хувь нь тэр ганц хувийн зөв гэдгийг зөвшөөрсөн гэж байгаа.
Тэгвэл эх оронч сэтгэлийг багаас нь суулгах нь зөв зүйтэй гэж томчууд, тэр тусмаа цэргийн хүрээнийхэн ярьдаг. Тэр сэтгэлгээг хүүхэд багачуудад бүр багаас нь суулгахын тулд ажиллах хэрэгтэй. Ядаж л Гэгээн Валентины өдөр шиг. Гэхдээ яг энэ нийгэм, энэ цаг үед эх оронч сэтгэлтэй болгоно гэвэл үлгэр гэчихмээр байгаа юм.
Яагаад гэж үү. Яагаад гэвэл Монголын улс төрчид буруу замаар үлгэрлээд удаж байгаа учраас энэ тухай ярихад маш хүнд байгаа хэрэг. Үүнийг нөгөө 12 дугаар ангийн үлдсэн 2 хувь нь хэлсэн байдаг юм. Тэд Хөгжлийн банк, ЖДҮ-тэй холбож байгаад хэлсэн байсан. Итгэлт баяны хэлдгээр “Ёстой ичмээр дамшиг”. Бас “Хүүхэд бол бидний толь” гэдэг яах аргагүй үнэн байгаа биз...
Сүх жанжны хөшөөнд энэ өдөр цэцэг өргөдөг. Тэгвэл зүрх сэтгэлдээ тэр агшныг хүлээдэг, хүндэтгэж явдаг хүмүүсийн хувьд энэ өдрийн нэгэн торгон мөч нь тэр гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэнийхээ дараа хундага тулган найрлаж, "Би улс улстөрч, ээн улс орныхоо төлөө хёоргүй сэтгээлээр зүтгэж байна" гэж жүждэг, хийрхдэг нөхдөөс "Эх орончдын өдөр" гэх энэ өдрийг харамлая.
Нийт сэтгэгдэл (0)