Архангай аймгийн ЗДТГ-аар өнөөдөр хүндтэй хийгээд хөөрхөн “ажил хэрэгч” зочид саатжээ. Тодруулбал, Чулуут сумын Халуун ус багаас зорьж ирсэн бяцхан ихрүүд Засаг дарга М.Батжаргалтай уулзсан байна. Тэд ижил дээлээр гангарч ээжтэйгээ хамт ирэхдээ өөрсдийн ирээдүйн төлөөх саналаа дамжуулсан байна.
Тэднийг Г.Энх-Амгалан, Г.Энхтүвшин, Г.Энхтөр гэдэг бөгөөд ирэх жил сурагч болно. Ихрүүд сургуульд орох бэлтгэлээ базааж, ээж нь төв, суурин газар сургуульд элсүүлэх сонирхолтой байгаа тухай Засаг даргатай ярилцсан аж. Хөвгүүдийн ирээдүйг эртнээс бэлтгэхэд анхаарч буй эцэг, эхийн саналыг аймгийн удирдалгууд ч нааштай хүлээн авч анхаарал хандуулахаар болжээ.
Учир нь, суманд амьдарч буй эцэг, эх нь зургаан нас хүрэхэд нь ихрүүдийг дотуур байранд байлгахад багагүй анхаарал, халамж шаардлагатай тул ийн жилийн өмнөөс бэлтгэлээ базааж байгаа нь энэ.
Дашрамд сонирхуулахад одоогийн байдлаар Архангай аймгийн Батцэнгэл, Чулуут суманд гурван ихэр хүүхэд бүртгэлтэй байдаг ажээ.
Нийт сэтгэгдэл (0)