УИХ дахь АН-ын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр өнөөдөр /2022.03.04/ олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдахдаа Монгол Улсыг хөгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Солонгос улсын менежментийн баг тус банкны үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-аар хэлэлцэн зээлийг батлах тухай заалтыг өөрчилж, тухайн банкны ТУЗ шийдвэрлэдэг байхаар хуульчилсан.
Хөгжлийн банк 2017 оноос өмнө нийт 2000 гаруй компанид зээл олгож, тухайн үед зээлийн эргэн төлөлт 95.5 хувь байсан. Харин 2017 оноос хойш буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш ердөө 50 байгууллагад 3 их наяд төгрөгийн зээл олгосон.
Өнөөдөр энэ зээлийн 55 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл. Ард түмэн ядуу, эдийн засаг нэн хүнд байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж мэдэгдсэн нь 1.8 их наяд төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага хэсэг нь юм. 2019 онд Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар "Эрхзүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй байна. Хөгжлийн банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үр дүнг үнэлэх шалгалт, шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм хангалтгүй" гэх дүгнэлт гарсан.
Хөгжлийн банк 2012-2017 онд нийт 2 их наяд 254.7 тэрбум төгрөгийн 4.0-4.79 хувийн хүүтэйгээр, 30 тэрбум иенийг 1.52 хувийн хүүтэйгээр, 1 тэрбум 502.2 сая ам.долларыг 2.5-9.5 хувийн хүүтэйгээр, 33 сая еврог 1.9-6.39 хувийн хүүтэйгээр тус тус татан төвлөрүүлсэн байна.
Сүүлийн зургаан жил тасралтгүй эрх барьж буй МАН яагаад Хөгжлийн банкны луйврыг зогсоохыг оролдсонгүй вэ гэх асуулт гарч ирнэ. Үүнийг ч ард түмэн асуух эрхтэй.
Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ хэмээн дүгнэж байна. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн, өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой. Мөн Хөгжлийн банкны дуулианыг ашиглан зээлтэй аж ахуйн нэгж, компаниуд руу дайрч, нийтэд нь харлуулж, нэр хүндэд нь халдахаас илүүтэй улстөрчдийн оролцоог таслан зогсоох түр хороо байгуулах шаардлагатай.
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Гэвч ажлын хэсэг Хөгжлийн банкны бичиг баримтыг шалгах эрхгүй, байгууллагуудын нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагуудтай уулзах эрхгүй. Тиймээс хяналт шалгалт явуулах хууль эрхзүйн боломжгүй байна. Мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр дуудаж байцаах, шинжээч томилуулах эрхтэй болсноор энэ ажил цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсэг ингэж ажиллах боломжгүйгээ өөрсдөө мэдэгдсэн.
Энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж үзээд, миний бие санаачилга гарган ажиллаж байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар Түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх, нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй байдлыг ханган явуулах замаар иргэний мэдэх эрхийг хангана гэж заасан. Тиймээс Түр хороог яаралтай байгуулах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороо байгуулах боломжтой.
Нийт сэтгэгдэл (0)