Онцгой байдлын албанд ойн түймэр гарч байгаа тухай дуудлага, мэдээлэл ирсэн бгөөд тухайн орон нутгийн албад унтраажээ.
Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, түймрийг 19:52 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 8-ны 06:00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 15 орчим га талбай шатсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авчээ. Ингээд тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж түймрийг мөн өдрийн 15:12 цагт бүрэн унтраажээ. Түймэрт гурав орчим га талбай шатсан байна.
Нийт сэтгэгдэл (0)