Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Хөшгийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан. Ингэснээр Хөшгийн хөндийн төлөвлөлтөд төрийн ямар байгууллага гарах уу гэдгийг судалж, эдийн засгийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгохоор судалж байна. Эхний хэсэгт онгоцны буудал тойрсон дэд бүтцийн зургийг хийж дууссан. Цэвэрлэх байгууламж, цахилгааны хэлхээ, үерийн далан яаж байгуулах уу зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зураг гарч ирж байна. Эндээс дэд бүтцийн ажлыг хийж эхэлнэ. Хувийн хэвшлүүдийг дэд бүтэцтэй болгохын хэрээр хүн амын таталцлыг бий болгох шийдвэрийг хэлэлцсэн юм.
Хөшгийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудал тойрсон 12 мянган га газрыг авсан. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч оноос 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтын ажлыг хийх ёстой. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуй нэгж байгаа. Хуулийн дагуу ашиглагдаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгож байна. Зарим газарт нь хаашаа барьж, мод тарьсан газар байгаа. Түүнийг бид үнэлнэ. Нөхөн олговрын асуудал үе шаттай яригдана” гэлээ.
Нийт сэтгэгдэл (0)