Инфляц

Бодлогын хүү

Азийн хөгжлийн банк 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллажээ

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай М.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2022.03.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай М.Тереса Хо-тай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай түншлэн ажиллаж ирсний 30 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Хатагтай М.Тереса Хо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкны зүгээс ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн цар тахлын дараа улс орны эдийн засгийг сэргээх чиглэлд тэргүүлэх ач холбогдлыг өгч ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх бөгөөд хаврын чуулганаар төр-хувийн хэвшлийн түншлэл, зөвшөөрлийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх олон чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна гэлээ. Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн чиглэлээр баримталж буй тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, дотоодын нөөц бололцоог дайчлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, татварын шинэчлэл хийх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, энэ чиглэлд үр дүнтэй санхүүжилт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. 

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын даргын зөвлөх Сафдар Парвез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Азийн хөгжлийн банкны Монгол дахь орлогч суурин төлөөлөгч, ахлах эдийн засагч Деклан Магий болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.