Инфляц

Бодлогын хүү

ОУВС-гаас мөнгө авахын тулд Хөгжлийн банкны луйврыг нууцад шилжүүлжээ

Монголчуудыг байтугай ОУВС-г хулхидахаар Хөгжлийн банкны хуудуутай асуудлыг нууцалж байжээ. Уг нь Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож, эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлдэг байгууллага болчихсон гэдгийг 2016 онд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг шалгаж, тогтоогоод дүгнэлт гаргасан байгаа юм. Гэвч тэрхүү дүгнэлтийг нь төрийн болон албаны нууцад хамааруулаад хав дарчихсан байгаа юм.

Хэрвээ тэрхүү шалгалтын дүнг шууд олон нийтэд ил болгосон бол ОУВС манай улстай хамтрахгүй гэх шалтагтай болчих гээд байсан хэрэг. Тодруулбал, тухайн үед Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж, яриа хэлэлцээр хийж байсан бөгөөд дотооддоо санхүүгийн луйвар явагдсаныг нууцлахаар шийдсэн нь энэ.

Үүнийг нь одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уржигдар /2022.03.10/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа ам алдаад, бурчихсан. Тэр “Тухайн үед Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохоор хэлэлцээр хийгдэж байсан. Ийм учраас доноруудад бид өөрсдийнхөө, Хөгжлийн банкны тухайн үеийн алдаатай зүйлүүдийг хэвлэл мэдээлэлд ил болгох нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ороход эрсдэл үүсэхээр нөхцөл байсан учраас Засгийн газар энэ асуудлыг нууцаар явсан юм билээ” гэнэ билээ.

Уг нь Хөгжлийн банк “Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” бие даасан хуулиар зохицуулагддаг. Гэвч "Шинэ төмөр зам”, “Гудамж”, “Шинэ яармаг”, Тавантолгойн цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлсэн гэх боловч тэдгээр нь бүгд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн, тооцоолол буруу хийгдсэн, өөрсдийн цалин, хангамжаа дур мэдэн нэмсэн гээд олон асуудалтай болчихсон байж.

Эдгээрийг нь шалгалтын явцад тогтоосон ч, Засгийн газар илчилж, хариуцлага тооцох байтугай НУУЦ гэж дарж байгаад 2017 оны тавдугаар сард ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдаж 434.4 сая ам. долларын зээлийн санхүүжилт авчихсан.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нааштай үр дүн гарлаа гэж манайхан л хөөрч байснаас биш АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2020 онд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж гаргасан тайландаа 2017-2020 онд хэрэгжсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусаж чадаагүй гэсэн байдаг.

Яг үүнтэй адил ФАТФ-ыг ч хуурчихлаа гэж өөрсдийгөө бахархасан биз. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага Монгол Улсыг стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-д оруулсан. Энэ нь санамсаргүй явдал байгаагүй. Өмнө 2012-2014 онд манай улс мөн л саарал жагсаалтад орчихсон. Тухайн үед манай улс авлига, алба тушаалын хэрэг, хээл хахуулийг мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт тооцох зэргээр Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж байж саарал жагсаалтаас гарсан.

Ингээд ФАТФ-ын хорионоос дөнгөж мултармагцаа УИХ 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахдаа албан тушаалын болон хээл хахуулийн хэргийг өршөөх заалт нууцаар оруулчхаж билээ. Товчхондоо цагаан захтнуудаа өршөөж, хууль бусаар олсон орлогыг нь хууль ёсных гэж  тооцохоор болсон.

Үүнээс нь улбаалан дахиад л санхүүгийн сахилга батгүй гэдгээр асуудал үүсч манай улс 2019 онд эргээд ФАТФ-ын саарал жагсаалт руу халтирч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ аваагүй, санхүүгийн сахилга батыг чангатгах чиглэлээр хууль эрх зүйн орчноо сайжруул гэдэг даалгавар авсан.

Ингээд 2020 оны аравдугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтаас жилийн дотор буюу богино хугацаанд гарлаа хэмээн Засгийн газар ихэд бахдалтайгаар мэдэгдэж байв.

Харамсалтай нь энэ нь Хөгжлийн банкны булхай луйврыг ОУВС-гийнхнаас нуусан шигээ ФАТФ-т баригдалгүй өнгөрсөндөө баярласан хэрэг байсан бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.