Инфляц

Бодлогын хүү

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас хүргүүлжээ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад хүргүүлжээ.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Мөрдөх байгууллагаас санал ирснийг үндэслэж дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна." гэлээ. 

Одоогоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн биеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд буй. Тэрээр “Хөгжлийн банканд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг дэмжиж байна” гэсэн юм.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн талаар мэдээлэл хийсэн. Тэрээр намайг засгийн газрын шийдвэртэй холбоотой яллагдагчаар татаж байгаа юм шиг байна, би сайн танилцаагүй байна" гэв.

УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай:

9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.4.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.

9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.