Инфляц

Бодлогын хүү

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД АРТАЮТ СРИСАМУТ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 4 дүгээр сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Элчин сайд Артают Срисамут-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол, Тайландын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгааг дурдаад цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг ашиглан харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахын чухлыг онцлов.

Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-г эцэслэн байгуулах, мөн хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх салбарын нэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.

Элчин сайд Артают Срисамут Монгол, Тайланд нь НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.