Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 15 цаг 40 минутад гишүүдийн 52,6 хувийн иртэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгааг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэв.
Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцолсон юм.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн байна. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ гэдгийг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа дурдсан.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Ц.Даваасүрэн, Н.Ганибал, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төрийн өмчит 36 аж ахуйн нэгжийг хувьчлах жагсаалтад эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудыг оруулсан шалтгаан болон төрийн хэмнэлтийг хийхдээ салбар салбараар нь яам байгуулдгийг цөөлж, нэгтгэх чиглэлээр ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хонь, үхрийн дулааны аргаар боловсруулсан махыг хилээр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулан тээвэр, логистикийн асуудлыг шийдсэн болон хилийн боомтуудыг хэзээ нээх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо хэр нийцэж байгаа болон төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа 2022 оны төсвийн тодотголын хүрээнд эрчим хүчний салбарыг хүнд байдлаас гаргахад шаардлагатай төсөв, санхүүгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” хэзээ ашиглалтад орох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүнс хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хассан шалтгаан, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төсвийн тодотголын төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирэх боломж байсан эсэхийг лавласан.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төсвийн ерөнхий үзүүлэлт сайжирсан эсэх, хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтад үр ашиг багатай аж ахуйн нэгжүүдийг бус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХК зэрэг томоохон компаниудыг оруулж ирээгүй шалтгаан, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл”-ийг хятадын арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр сонгосон талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төсвийн тодотгол хийснээр валютын ханш, инфляцийн түвшин тогтворжиж, бодит үр дүн гарах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд алт, зэс, төмрийн хүдрийг яг хэдэн тонныг экспорлох талаар Ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан.
Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Төсвийн тодотголын талаарх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулж Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр дараах зохицуулалтын хүрээнд нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн гэж байлаа.
Мөн гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдаад хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан гэв.
2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгасан болно. Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсрууллаа гэж А.Ариунзаяа сайд танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс төсвийн орлого ялангуяа экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулахын зэрэгцээ төрийн эзэмшлийн уул уурхай компаниудыг хувьчлах талаар баримталж буй бодлогыг илүүтэй лавлаж байлаа. Мөн төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, нийгмийн хамгааллын салбарын төсвөөс багагүй хэсгийг хассан шалтгаан болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучинтай байх зэргийг хориглоно гэсэн нь спорт хороодууд, цэргийн дуу, бүжгийн чуулгуудыг татан буулгах уу гэдгийг илүүтэй тодруулав.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд багагүй ажлууд хийж, тодорхой үр дүн гарч байгаа. Нүүрсний экспортыг ковидын өмнөх үеийнх шиг өдөрт 1000 орчимд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдаад төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бодлогыг хэрэгжүүлэхдээ компанийн засаглалыг сайжруулах, ил тод болгох, олон нийтийн хяналтад оруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн гэж байлаа. Мөн тэрбээр, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг хассан обьект байхгүй, санхүүжилт, хөрөнгө оруулалтын явцтай нь уялдуулаад санхүүжих дүнг 2023 он хүртэл хойшлуулсан арга хэмжээ бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ч дээрх зарчмыг баримталсан гэдгийг тодотгохын зэрэгцээ цэрэг, цагдаагийн байгууллагын дэргэдэх дуу, бүжгийн чуулгууд Соёлын яамны харьяанд очино. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын үндсэн чиг үүрэгтэй холбоотой бэлтгэл хийх асуудал нь тухайн газартаа үлдэх бөгөөд харин тамирчид нь Биеийн тамир, спортын улсын хороонд харьяалагдах зохион байгуулалтад шилжинэ хэмээн хариулж байсан.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой” ХК зэрэг томоохон төрийн өмчит компанийн тодорхой хувийг хувьчлах асуудал нь нээлттэй байгаа бөгөөд цаг хугацааны хувьд хойшилсон. Төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудыг нийлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэг гол цөм болж оруулж ирсэн. Үндэсний баялгийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг иргэдэд одоо болон ирээдүйн үед тэгш, шударга хуваарилна. Үүнээс гадна дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой хөгжлийн сангийн зориулалтаар Эрдэнэс монгол" компанийн харьяанд төрийн өмчийн уул уурхайн компаниуд байх ёстой гэсэн концепцийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нэмэлт тайлбарыг хийсэн.
Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Т.Доржханд, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын зүгээс гаргасан хууль, тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжилсэн.
Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)