Инфляц

Бодлогын хүү

Хүнс үйлдвэрлэгч компаниуд Засгийн газартай своп хэлцэл хийх санал тавив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав.

Энэ уулзалтаар гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Тэрбээр уулзалтын эхэнд “Олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна.

Инфляци 15-16 хувьтай байгаа, үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.

“Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл “Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна.

Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. /“Своп” гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч, худалдаж ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах, худалдан авах арилжааны хэлцлийг хэлнэ. Эх сурвалж: Google.com/

Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе” гэв.

Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн гаалийн болон НӨАТ-ыг өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл чөлөөлсөн нь том дэмжлэг байсныг импортлогч компанийн төлөөлөл мөн хэлж байлаа. Одоо ийм хөнгөлөлт байхгүй учраас дээрх бүтээгдэхүүний үнэ 35-40 хувиар өссөнийг хэлж, татварыг тэглэж өгөх саналыг Ерөнхий сайдад уламжилж байв.

“Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг төсвийн байгууллагад нийлүүлэхийг хуульчилбал үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно. Махны экспорт зогссоноос зарим үйлдвэр хаалгаа барихад хүрч байна. Өнгөрсөн жил экспортод гаргахад бэлтгэсэн 6000 тн ямаа, 4000 тн адууны махаа богино хугацаанд экспортлоход төрөөс дэмжвэл манайд валют орж ирнэ” гэлээ.

“Сансар сүлжээ” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь “Манайх 30 мянган нэр төрлийн бараа дотоодоос болон импортоор авч худалддаг. Нийлүүлэгчдээс авсан бараан дээрээ дунджаар 15 хувийг нэмж байна. Том талбайд олон хүн ажиллуулж, түрээс төлөхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг.

Энэ жил түрээсийн зардал 35, тээвэр логистик, шатахууны зардал 16 хувиар өссөн. Ийм үед ашиглалтын зардал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлбэл дэмжлэг” болно хэмээсэн. Хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл гол төлөв төр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Тэдний санаа бодлыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аливаа шийдвэрийг ярилцаж гаргахгүй бол бодит байдалд эерэг, сөрөг олон талаас нөлөөлдөг. Бүхнийг хөнгөлөөд, чөлөөлөөд явбал улс даахгүй. Та бүхэн шийдлээ гаргаад саналаа өгөөрэй. Асуудлыг богино хугацаанд шийдээд явна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааны эхэнд хүнсний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүгээр та бүхний гаргасан саналыг хэлэлцэнэ. Дахин уулзъя” гэлээ.

 Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.