Инфляц

Бодлогын хүү

ОУВС: Дайны нөлөөгөөр инфляц өндөр түвшинд илүү удаан үргэлжилнэ

ОУВС-аас нийтэлдэг Дэлхийн эдийн засгийн төлөв тайлангийн 4-р сарын шинэ төсөөллөөр инфляц олон улсад нэмэгдэж, илүү удаан үргэлжлэхийг онцлоод байгаа билээ.

Тус тайлангийн онцлох хэсэг “Дайн, эрэлт, хөдөлмөрийн зах зээлийн нөлөөгөөр өндөр инфляц илүү урт хугацаанд үргэлжилнэ” нийтлэлийг тоймлон хүргэж байна. 

 

Инфляцын төсөөллийг нэмэгдүүлсэн гол хүчин зүйл нь Украин дахь дайн гэдгийг ОУВС онцолж байна. Тухайлбал, сүүлийн нэг жилд хурдтай өсөлттэй байсан түүхий эдийн үнэ дайны нөлөөгөөр улам өсжээ. Өнгөрсөн оны хувьд түлш шатахуун болон хүнсний үнэ инфляцыг хөөрөгдөхөд нөлөөлж байв. Энэ нь Европ, АНУ-д инфляцын гол шалтгаан болж байсан. Мөн цаг уурын таагүй байдлаас үүдэж ургац хураалт муудсан, бордооны үнэ өссөн зэргээс шалтгаалан хөгжиж буй орнуудад хүнсний үнийн өсөлт инфляцын гол шалтгаан болоод байсан билээ.

Түүнчлэн, бодлогын дэмжлэгээр өнгөрсөн онд эрэлт нэмэгдэж харин үйлдвэрүүд хаалгаа барьж, боомтууд хязгаарлагдаж, тээврийн гацаа, чингэлгийн хомсдол, ажиллах хүчний дутагдлаас үүдэж нийлүүлэлтийн саатал нэмэгдээд байсан. Эрэлт огцом сэргэж харин, нийлүүлэлт тасалдсанаар зөрүү үүсэж улс орнуудад инфляцын өндөр дарамт бий болгоод байсан. Уул нь бодлогын дэмжлэгүүд хумигдсанаар эрэлт тогтворжиж, нийлүүлэлтийн гацаа багасах хүлээлттэй  байлаа. Харин одоо БНХАУ дахин хөл хорио тогтоож, Украинд дайн болж, ОХУ-д хориг тавигдсанаар зарим салбарт үүссэн тасалдал дараа жил хүртэл сунжрахаар байгаа юм.

Мөн эрэлт үйлчилгээнээс бараа руу шилжиж, инфляцад дарамт болоод байсан нь нэг хэсэгтээ үргэлжлэхээр байна. АНУ, Их Британи дахь хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол цалинг өсгөж, инфляцыг нэмэгдүүлэх дарамтыг бий болгосоор байх төлөвтэй байна.

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр ОУВС-ийн шинжээчдийн төсөөллөөр хөгжсөн орнуудад инфляц 38 жилийн дээд түвшин буюу 5.7%, хөгжиж буй орнуудад 8.7% буюу 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр хурдаар өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Харин ирэх оноос инфляц саарч хөгжингүй орнуудад 2.5%, хөгжиж буй орнуудад 6.5% болж буурна гэж үзжээ. 

Үнийн өсөлт нь бага орлоготой орнуудын хүн амын эмзэг хэсэгт маш хүчтэй нөлөөлнө гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Олон Улсын Валютын Сан

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.