Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржавтай өнгөрсөн оны болон энэ оны эхний дөрвөн сарын татвар хураалт, НӨАТ-ын сугалааг яагаад хойшлуулсан талаар ярилцав.
-Энэ долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүд тохиож байна. Татварын ерөнхий газар 23 дахь жилдээ татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэж байна. Энэ жилийн онцлог юу вэ?-Монголын татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэдэг. Энэ жил орон даяар “Та баялаг бүтээгч” уриан доор зохион байгуулж байна.
Татварын алба татвар төлөгчийг 2020 оноос том, дунд, жижиг, бичил ангилалд хувааж, ангилал бүрд тохирсон татварын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна. Татвар төлөгчдийн өдрүүдээр эдгээр дөрвөн ангиллын татвар төлөгчдөөс татварын хуулийн мөрдөлт, тайлангаа хугацаандаа илгээж, татвараа төлдөг зэрэг үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж, алдаршуулж байна.
-Татвар төлөгчдийн өдрүүдээр та бүхэн сургалт явуулах юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.-Татварын төлөгчдийн өдрүүд энэ сарын 09-13-ны хооронд болж байна. Татварын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс бүр энэ хугацаанд татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл, татварын албанаас хэрэгжүүлсэн шинэлэг ажлын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.
Мөн цахим болон танхимаар тодорхой сэдвийн хүрээнд сургалтууд хийж байна.
-Энэ оны татварын орлогын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ? -УИХ-аас баталсан, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр татварын алба ажилладаг. Энэ жилийн эхний дөрвөн сарын татварын орлогын гүйцэтгэлээр улсын, орон нутгийн төсөвт нийт 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 3.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн.
-Энэ оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Төсөв тодотгосноор татварын орлогыг өөрчилсөн үү?-УИХ-аас өнгөрсөн сарын 29-нд эдийн засгийн өсөлт, бууралт, дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, иргэдийн орлогыг хамгаалах болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Төсвийн хуулийн өөрчлөлтөөр татварын албанаас төвлөрүүлэх орлогод уул уурхай, эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт анх төлөвлөсөн 36 сая тоннд хүрэхгүй байх эрсдэлийг тооцож, төлөвлөгөөг бууруулсан.
Татварын алба татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, татвар төлөгчдөд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, төсвийн орлого бүрдүүлэх үүрэгтэй.
Энэ онд татварын албанаас улсын төсөвт 8.5 их наяд төгрөг төвлөрүүлнэ. Төлөвлөгөө биелүүлэхтэй холбоотой, Татварын ерөнхий хуульд заасан татварын өр хураах ажлыг эдийн засгийн салбарын онцлог, үйл ажиллагааны идэвхжил, татварын албанд бүртгэсэн татварын өрийн насжилт, өрийн хэмжээ зэргийг харгалзан тодорхой тооны татвар төлөгчдөд ялгавартай хэрэгжүүлж байна.
Мөн өнгөрсөн хоёр жилд Ковид-19 цар тахлын нөлөөнд өртсөн, үйл ажиллагаа нь зогссон татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, бизнесийг нь дэмжих, ажлын байр хадгалах зорилгоор Татварын ерөнхий хуульд заасан, татвар төлөгчийн арилжааны банкан дахь дансыг битүүмжлэх ажиллагааг зогсоосон.
Энэ жил хувьд аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдийн арилжааны банканд битүүмжилсэн дансыг бүгдийг нээсэн.
-Энэ оны АМНАТ-ын тасалдал ямар хэмжээтэй байгаа вэ?-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдөөс төсөвт 3.5 орчим их наяд төгрөгийн татвар төвлөрүүлдэг.
2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар манай улсын гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй гэж үзэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 150 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан юм.
Дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ тааламжтай өндөр түвшинд байгаа нь эргээд экспортын биет хэмжээний бууралтыг нөхөх хөшүүрэг болж байна. -Энэ оны эхнээс АМНАТ-ыг бүгдийг улсын төсөвт төвлөрүүлэлгүй, тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр уул уурхайн компани нутагт нь үйл ажиллагаа явуулдаг иргэд баялгийн өгөөжөөс хүртэнэ гэж Уул уурхайн сайд тайлбарласан.-АМНАТ-аас энэ онд нийт хэчнээн хэмжээний орлого төвлөрч, хэд нь Орон нутгийн сангуудад хуваарилагдах вэ?-Энэ онд АМНАТ-аас нийт 900 тэрбум төгрөг төвлөрнө. Бид орлого төвлөрүүлэх үүрэгтэй тул үүний хэдэн хувь нь Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдахыг мэдэхгүй байна.
-НӨАТ-ын сугалааг энэ оныг дуустал түр зогсоосон. Яагаад ийм шийдвэр гарсан бэ?-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн бүртгэл, далд эдийн засгийг бууруулах, татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах зорилгоор НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг нэвтрүүлсэн юм.
Сугалааны урамшуулал хэрэгжиж эхлээд долоон жил болжээ. Иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, сугалаанаас иргэд азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг түр зогсоосон.
Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан сугалааны азтан шалгаруулах явцыг эргэж харна. Цаашид сугалааг ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Сугалааны урамшууллыг ирэх оноос дахин эхлүүлэхээр төлөвлөж байна.
Иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг нэмэх санал их гаргадаг. Дэлхийн улс орнуудын татварын төрлийг үзэхээр нийт 166 орчим улс нэмэгдсэн өртгийн татвартай. Улс бүрийн эдийн засгийн нөхцөл байдал, ДНБ зэргээс хамаарч татварын хувь хэмжээ нь өөр.
Дэлхийн дундаж НӨАТ-ын хувь 15.5 хувь, Европын улсуудын дундаж 19.9%, Өмнөд Америкт 13.6%, Африкийн орнуудад 13.4 хувь байдаг. Манай улсад НӨАТ 10 хувь, үүнээс татвар төлөгчдөдөө хоёр хувийг буцаан өгдөг гэхээр найман хувь буюу бусад оронтой харьцуулахад бага хувьтай орны тоонд ордог.
Нийт сэтгэгдэл (0)