Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.
УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр (2022.05.16) Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, албан шаардлагынх нь хариуг нь өглөө.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Хэрэв шаардлагыг маань Улсын Их Хурал хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл цаашид энэ асуудлын хүрээнд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоо руу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсанаа мэдэгдэв. Тэрбээр, Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой гэдгийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)