Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа.
“Макс” групп, “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байгуулсан байна.
Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 кг юм.
“Макс Агро” ХХК жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авч “Сүү” ХК-д нийлүүлдэг. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн одоо байгаа 500 үнээгээ 1,000 болгох зорилт тавиад байна.
Мөн өнгөрсөн онд байгуулсан долоон хоршоог энэ жил 10 болгон, олон малчинг хамтарч ажиллах, мал, малын ашиг шимээ эргэлтэд оруулахад нь туслахаар төлөвлөжээ.
Энэ салбарынхныг усалгааны систем, фермийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр авах, эргэлтийн хөрөнгөтэй болох зэргээр кластераар нь дэмжих шаардлагатай байна.
Манай улс сүүнийхээ 50 хувийг л дотоодоос хангадаг. Орчин үеийн шаардлага хангасан, дэвшилтэт техник, технологи бүхий 30 ферм буюу 9,000 Глоштейн үүлдрийн үнээтэй байвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, 2026 оноос экспортод гаргах боломжтой тухай “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод ярилаа.
Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 500 төгрөгний урамшуулал олгодог. Үүнийг бүтэн жилээр нь өгвөл эрчимжсэн мал аж ахуй хөгжих, малчид хорших томоохон хөшүүрэг болох юм байна.
Монгол хүн жилд 160 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж ДЭМБ үздэг ч энэ хэмжээ 80 орчим кг байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангахад 60 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.
Нийт сэтгэгдэл (0)