Инфляц

Бодлогын хүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар улс төрийн намуудын төлөөлөлтэй мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөлтэй мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хоёр дахь удаагаа “Баянгол Агро парк”-д мод тарьж байгаа нь энэ юм.

Энэхүү өдөрлөгт Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын хүний төлөө нам зэрэг 15 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, Социал демократ залуучуудын холбооны төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарьж буй улс төрийн нам, иргэний байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн кампанит ажил өрнүүлээд дуусах бус, тарьц, суулгацаа ургуулахад тогтвортой анхаарал хандуулах нь чухал гэдгийг тэмдэглэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох тухай зорилт туссан.

Энэ хүрээнд “Баянгол Агро парк”-д нийт 250 мянган мод тарьж, ургуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний 10 мянгыг энэ хавар тарих юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.