Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар тариалан эрхэлдэг “Доолт” ХХК-ийн тариалалтын явцтай танилцлаа.
Тус компани 2,624 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 1,400-1,900 га талбайд улаанбуудайн тариалж, нэг га талбайгаас 15-32 цн ургац хураан авдаг байна.
Ерөнхийлөгч мөн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдагойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, иргэдийн төлөөллийн хамт тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд оролцлоо.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум тариалангийн 24 мянга орчим га эргэлтийн талбайтай. Ойн зурвас байгуулахаас гадна мал орохоос сэргийлж нийт талбайн 30 хувийг хашаажуулаад байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байх “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын ойжуулалт, нөхөн сэргээлттэй танилцлаа.
Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан.
Одоогоор цогцолборт газрын 15 мянга га талбайг бүрэн ойжуулсан. Ой, хээрийн түймэр, хортон шавжнаас хамгаалах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тарьц, суулгацаа бэлтгэхэд онцгой анхаарч байгааг Сэлэнгэ аймгийн удирдлага хэллээ.
Тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьсан. Одоогоор есөн аймаг тарьц, суулгац авах хүсэлтээ ирүүлээд байна.
Нийт сэтгэгдэл (0)