Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.
Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалт (ДЭЗЧ) 1971 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа тавдугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2,300 орчим төлөөлөгч оролцож байна.
Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс , засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх бол хувийн хэвшлийн 1,250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулахаар цуглараад байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.
Тэрбээр Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Нийт сэтгэгдэл (0)