Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.05.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд амаргүй цагт урт зам туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүх салбарт нэмэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол чухал ач холбогдол өгдөг гэв. 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалагдаж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээс Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.
Уулзалтын дараа хүндэт төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүхтэй танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)