Инфляц

Бодлогын хүү

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авч байгааг Я.Содбаатар танилцуулгадаа онцлоод гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа хүртэл 97 хувь гаднаас авч байна гэв.

Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Хүнс, шатахууны үнэ инфляцын 50 хувийг бүрдүүлж байна.  Хүнсний үнэ 04 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар, жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өссөн байна. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учраас хүнсний хангамж, аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж Улсын Их Хуралд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон. 

Уг тогтоолын төслөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр тусгагдсан.  Нийтдээ 4 бүлэг, 51 заалттай тогтоолын төсөлтэй хамт ирэх таван жилд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, хамтран хэрэгжүүлэх байгууллага, нийт санхүүжилтийг улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж болон бусад санхүүжилтийн эх үүсвэр, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж,  цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс хүнсний хангамж, аюулгүй байдал чухал асуудал тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хаврын тариалалт эхэлсэн энэ  үед тогтоолын төсөл хэлэлцэж байгаа нь цаг үеийн хувьд хоцорсон эсэхийг тодруулахын зэрэгцээ тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрсдэлтэй байдаг тул урт хугацааны санхүүжилт чухал учраас Засгийн газар энэ асуудалд бодлогын ямар арга хэмжээ авч буй талаар мөн өвлийн хүлэмжийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зорилтуудыг тогтоолын төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан.  Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан мах бэлтгэл, нядалгаа, боловсруулах үйлдвэрлэлийн асуудал бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд шилжсэн гэх мэдээлэлд салбарын яамны зүгээс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төслийн хүрээнд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн нь хэдэн жилийн хугацааг хамарч байгаа талаар, жимс, ногоо тарьж буй өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихэд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх тодорхой асуудлыг тогтоолын төсөлд хэрхэн тусганыг тодруулав. Мөн тэрбээр, тогтоолын төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүн, санхүүжилт, зарцуулалтад тогтмол хяналт тавьж, анхааралдаа авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөлд чихрийн манжин, элсэн чихэр зэрэг өртөг өндөртэй үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн нь улс орныхоо цаг агаарын нөхцөл, байдалтай уялдуулж, судалгаа тооцоолол хийсэн эсэхийг тодруулаад цаашдаа өндөр өртөг, санхүүжилт шаардсан иймэрхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй монголынхоо байгаль цаг агаарын нөхцөл, газар нутгийн онцлогт тохирсон, өртөг багатай үйлдвэрлэлээ дэмжих нь чухал гэдгийг анхааруулж байлаа.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.